Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэхэд юу анхаарах вэ?
Жолооч бүр албан журмаар 5 сая хүртэл төгрөгийн үнэлгээтэй даатгуулдаг. Үүнтэй холбоотой иргэдийн нийтлэг асуултад хариу болох зарим зүйлсийг тодруулбал:
Жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэхгүй бол яах вэ?
Энэхүү даатгалын улсаас заавал хийлгэсэн байхыг шаарддаг. Энэ даатгалыг хийлгээгүй бол замын цагдаа таныг 240 мянган төгрөгөөр торгох аюултай.
Ямар бичиг баримт шаардлагатай вэ?
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэх хоёр тань байхад л хангалттай. Хэрвээ та машинаа гэрийхэнтэйгээ дундаа унах хэрэгцээ байдаг бол тэдгээр хүмүүсийн жолооны үнэмлэх эсвэл түүн дээрх мэдээллийг мэддэг байхад л хангалттай юм.
Жолоочийн даатгал юуг хамгаалдаг вэ?
Жолооч та бусдад хохирол учруулвал жолоочийн даатгал таны өмнөөс таны учруулсан хохирлыг төлнө. Жишээ нь та машин барьж яваад санамсаргүй урдаа явж байсан приүсийг мөргөчихлөө. Тэр приүст 1 сая төгрөгийн засвар шаардлагатай болсон үед даатгалаас энэ 1 сая төгрөгийг төлөх юм. Тодруулбал таны замын хөдөлгөөнд оролцох үеийн таны хариуцлагыг даатгаж байгаа юм.Харин таны өөрийн машины хохирлыг жолоочийн хариуцлагын даатгал төлдөггүй. Иймд та заавал Тээврийн хэрэгслийн даатгал буюу машины даатгалаа хамтад нь хийлгэж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Даатгуулах компаниа хэрхэн сонгох вэ?
Жолоочийн хариуцлагын даатгал нь бүх компаниар ижил үнэтэй ижил нөхцөлөөр борлуулагддаг. Та аль ч компанид очсон яг л адилхан үнэтэй, ижилхэн нөхцөлтэй даатгалын гэрээ авна. Гэхдээ ялгаатай зүйл нь тухайн компаний үйлчилгээ юм. Үйлчилгээ дотроо нөхөн төлбөрөө өдөрт нь хурдан шуурхай шийддэг байдлаараа л ялгарах юм. Хамгийн сүүлийн үеийн байдлаар хамгийн хурдан нөхөн төлбөр шийдэж байгаа даатгалын компаний мэдээллийг харахыг хүсвэл энд дарна уу.
Машинаа зарах, солих үед даатгалаа яах вэ?
Даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай хийгддэг. Гэтэл энэ хугацаа дуусаагүй байхад та машинаа зарах, эсвэл солих тохиолдол гардаг. Энэ тохиолдолд та даатгалд төлсөн хураамжийнхаа үлдсэн хугацаанд ногдох мөнгийг даатгуулсан компаниасаа нэхэмжилж авч болно. Жишээ нь 1 сард 100 мянган төгрөгөөр даатгуулчихсан байгаад 7 сард машинаа зарсан. Даатгал таныг 1ээс 7 сар хүртэл хагас жил хамгаалсан байх нь. Тэгэхээр та 50 мянган төгрөгөө буцаан авах эрхтэй. Үүн дээр даатгалын компаниуд шимтгэл авах тохиолдол байдгийг мөн анхаарах хэрэгтэй. Даатгалаа буцаахад нэмэлт шимтгэл авдаггүй дараах компаниуд байдаг.
Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж хэд вэ?
Та аль ч компани дээр очсон танд ижил үнэ санал болгодог ч таны найз танаас өөр үнэ төлөх боломжтой байдаг. Яагаад гэвэл хүн бүрийн хариуцлага өөр байдаг. Өмнө нь хариуцлага алдаж нөхөн төлбөр авч байсан бол дараа жил нь арай илүүг төлнө. Өмнө нь огт нөхөн төлбөр авч байгаагүй бөгөөд дахин даатгуулж байгаа бол арай бага хураамж төлөх зарчмаар явна. Мөн хотод хөл хөдөлгөөн ихтэй байдаг болохоор хөдөө орон нутагт даатгуулахаас арай өндөр хураамж гарч болно. Энэхүү даатгалын хураамж машины марк, жолооны туршлагаас хамаараад 20 мянган төгрөгөөс 200 мянган төгрөг хүртэл үнэтэй байдаг.
Жолоочийн даатгал таныг хэд хүртэл үнэлгээтэйгээр даатгах вэ?
Та бусдын машин эсвэл эрүүл мэндэд хохирол учруулсан бол хохирогчид даатгал 5 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгоно. Энэ бол жолоочийн даатгалын үнэлгээ юм.
Заримдаа үнэтэй машиныг жоохон л мөргөчихөд 10 сая 20 сая төгрөгийн үнэтэй засвар үйлчилгээ гарах тохиолдол байдаг. Энэ үед даатгалаас 5 саяыг л өгнө. Та өөрөө 5 саяаас бусад хэсгийг нь төлнө гэсэн үг.
Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгалын талаар
Албан журмын жолоочийн даатгалаар зөвхөн 5 хүртэл сая төгрөг хамгаалдаг. Гэтэл бусдад учруулах хохирлын хэмжээ 5 саяар тогтохгүй. Хамгийн найдвартай хамгаалъя гэвэл нэмэлтээр сайн дурын жолоочийн хариуцлагын даатгалыг сонгохыг зөвлөж байна. Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгалын үнэлгээг та өөрийн сонголтоор сонгоно. Энэ нь дээд тал нь 20-50 сая төгрөг байх нь тохиромжтой юм.