Хотод ч хөдөөд ч замд явж байгаа л бол бэлтгэлээ базаах нь юунаас ч илүү чухал байдаг. Та хэдийгээр механик биш ч гэсэн доорх зүйлсийг заавал байлгавал жижиг гэлтгүй асуудлаас гарахад тань тусална. Гарын доор жижиг хэрэгслүүдтэй байснаар ийшээ тийшээ залгаж цаг үрэхгүй, хүн царайчилж гуйлга гуйхгүй, хэрэгтэй үед тус болдог нь үнэн юм. Одоо ингээд бидний бэлтгэсэн мэдээллийг сонирхоцгооё. Бид эдгээрийг гол цөм багаж гэж үзсэн юм.
- Шил хагалагч алх
Усанд машин живэх, суудлын бүс түгжигдэх зэрэгт тун ч хурдан хугацаанд таныг болон бусдыг аврахад зориулагдсан. Жишээ авахад машины шилийг чулуу, алх, отверткаар хагалах боломжгүй үед үүгээр жижигхэн цохиход шууд л хагарна.
2. Торцовны ком
Хөдөө явахдаа та машин мэдэхгүй байсан ч заавал багажтай явж байгаарай. Жишээ нь бензин машин бол аккумуляторын клем сулрахад л зүгээр ирж зогсоод асахаа байх тохиолдолд олон гардаг. Энэ мэт асуудлыг амархан аргаар шийдэхэд ком багаж л тус болдог юм шүү.
3. Скоч
Бас л өргөн хэрэглээтэй. Жишээ нь аль нэг сорох хоолойгоор хий алдах, гупер салах зэрэг зүйлс тохиолдоход авто засварын газар хүртлээ үүнийг ашиглаад битүүмжлээд явж болно. Заавал машины ч юманд биш ойр зуурын ачаа баглах зэрэгт хүртэл ашиглагддаг тул байлгахад гэмгүй. Дээрээс нь скоч +,- температурын хэлбэлзэлд бага өртдөгийг мартуузай.
4. Татлага
Хуучны жолооч нар бол замд үүнгүйгээр гарна гэж байхгүй шүү дээ. Нэг байхад өөрөө бусдаас тусламж гуйхаас гадна бусдад тусалж жолоочийн гавьяагаа мэдрэх боломж ч бас бий. За тэгээд л сонголт хийхдээ аль болох сайн чанартайг нь авчихвал олон жил аминд орно доо.
5. Холбогч
Өвлийн хүйтэнд бол энэ л аминд орно. Бас хааяа зун машиндаа удаан дуу сонсчихвол, гэрлээ асаалттай орхичихвол аккумулятор суугаад баллаж тавьдаг шүү дээ. Сонголт хийхдээ өндөр ампер даадаг, гадна бүрээс зөөлөн, хөлддөггүй, хавчуур нь сайн чанарын байхад болчихно.
6. Хутга
Замд юу ч тохиолдож болдог учраас би багажны цүнхэндээ тонгороготой явдаг. Яаж хэрэглэх вэ гэхээр их олон зүйлд хэрэг болдог. Жишээ нь олс таслах, дугуй нөхөхөд ашиглах, өмнөх бохир үлдэгдлийг цэвэрлэх, зарим нэгэн эд ангийг тасдах заа цаашлаад л мах идэх гэх мэт.
7. Дугуй нөхөгч
Олон машинууд запас дугуйтай байдаг. Гэхдээ запас хагарчихвал яах вэ? Эсвэл хий нь сулрах ч юм уу энэ тохиолдолд мэдээж дугуй нөхөгч хэрэг болно. Гэхдээ брэнд болгон өөр өөрсдийн хэрэглэх заавартай байдаг тул бүгдийг нь ижил мэтээр ойлгож хэрэглэж болохгүй.
8. Даралт хэмжигч
Сул хийтэйгээ мэдэхгүй яваад байвал шатахуун зарцуулалт ихэснэ, эд ангийн эдэлгээ түргэснэ, руль булаана, машинд хүнд явдаг болно, хааз муу авна гээд л өдөр болгон л бидний ярьдаг олон зүйлс ар араасаа хөвөрч эхэлдэг. Тэгэхээр заавалчгүй авчихаарай.
9. Гэрэл
Тамхины асаагуураас ажилладаг эсвэл гар чийдэн, дува сохор бүгд л хэрэг болдог юм. Утас байхад үүгээр яахав гэж бодож магадгүй. Шөнө машин суучихсан үед утас тус болдоггүй юмаа. Заавал запас гэрэлтэй яваарай. Бүр тод гэрэлтүүлдэг бол бүүр л сайн.