Машин дээрх сэв зураасыг өөрийн гараар хэрхэн арилгаж болох вэ?

Машинд сэв зураас суух нь хэвийн л зүйл. Таны буруу болон бусад шалтгаанаар эдгээр сэв хэзээ нэгэн цагт заавал бий болно. Иймэрхүү гэмтэл нь хүмүүсийн хэлдгээр “хурданд нөлөөлөхгүй” боловч машинтай хүн болгон л сэв зурааснаас айдаг билээ. Тэр тусмаа саяхан авсан шинэ машин бол бүр ч хэцүү. Ингээд сэв зураасны үндсэн төрөл, түүнийг арилгах арга замуудыг хүргэе.
1. Машины лакан будаг дээрх жижиг сэв зураасыг хэрхэн арилгах вэ?
Энэ бол нарийхан, гүн биш, зөвхөн тодорхой өнцгөөр харахад мэдэгдэх, машин нойтон үед үл харагдах тийм гэмтэл юм. Ийм гэмтэл нь лак-будагны хамгийн дээд давхаргад байх учир арилгахад хамгийн хялбар нь байдаг. Өнгөлөгч Танд машин угаасны дараа тавих өнгөлөгч хэрэгтэй. Өнгөлөгчөө түрхэж, түүнээс бий болох нимгэн давхарга нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээс гадна сэв зураасыг дүүргэж харагдахгүй болгоно. Гэхдээ иймэрхүү хамгаалалт нь удаан байж чадахгүй нь ойлгомжтой байх. Хэсэг хугацааны дараа дахин өнгөлөх хэрэгтэй.
Өнгөлгөөний машин + тусгай бодис
Сэв зураас арилгах илүү үр дүнтэй арга нь тусгай бодис, өнгөлгөөний машин ашиглах явдал юм. Ийм байдлаар бараг бүх л машины суурь будагт хүрээгүй, зөвхөн лаканд үлдсэн сэвийг арилгаж болох юм. Ийм өнгөлгөөг ихэнхдээ мэргэшсэн хүмүүс хийнэ. Хэрвээ та өөрөө хийхээр шийдсэн бол танд хэрэгтэй зүйл нь :
-Өнгөлгөөний машин (дриллэн өнгөлөгч)
-Зориулалтын тусгай өнгөлөгч
-Өнгөлөгч зүлгүүр P2000
-Ус шүршигч
-Цаасан алчуур
Өнгөлөхийн өмнө машинаа тусгай угаалгын шингэнээр сайтар угаагаад хатаана. Машинаа граж юмуу сүүдэр газар байлгаж өнгөлөх нь нь машины гадна хэсэг хэт халах, сэв зураас, ажлын үр бүтээл сайн харагдахад хэрэгтэй. Гэмтэлтэй хэсгийг норгосон өнгөлөгч зүлгүүрээр зүлгээд хаттал нь арч.  Дээр нь бага зэргийн өнгөлөгч тавьж сэв зураасыг аажмаар эргэлтээ нэмэх замаар өнгөлнө. Нэг газар удаан зүлгэхгүй, лакаа гэмтээхгүй, халаахгүй байхад анхаараарай. Өнгөлж байхдаа баруун зүүн, дээш доош гэх мэтээр ээлжлэн зүлгэнэ. Зөвхөн сэв зураас биш ойр орчмыг бас өнгөлөх бөгөөд өнгөлгөөний явцад аль болох их угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Сэв зураас үгүй болтол нь өнгөлөгч машинаар өнгөлнө.



2. Будаг дээрх сэвийг хэрхэн арилгах вэ?
Хэрвээ лак төдийгүй бас будаг гэмтсэн бол үүнийг зөвхөн өнгөлгөөгөөр арилгахгүй нь ойлгомжтой байх. Ийм нөхцөлд өнгө таарсан тусгай сэв арилгах харандаагаар будаж болох юм. Эдгээр харандаа нь гадаад байдлаараа хумсны лактай адил харагдах ба хурдан хатах тусгай бодистой учир сэв зураасыг хурдан дүүргэж хатдаг байна. Харандаагаар будахын өмнө гэмтсэн газраа маш сайн цэвэрлэнэ. Дараа нь маш нямбай байдлаар гэмтсэн хэсгийг будна.
Будаг 15-20 минутын дараа хатах ба бүрэн шингэж сэв зураас арилахад ойролцоогоор 7 хоног болох учир энэ хугацаанд машинаа угаах хэрэггүй.


3. Том хэмжээний гэмтэл, сэвийг хэрхэн арилгах тухай
Ийм нөхцөлд будаг хэрэгтэй. Гэхдээ өмнөх аргаас ялгаатай нь гэмтсэн газарт суурь буюу замаск тавих шаардлагатай бөгөөд будгаа тавьсны дараа лакаар бүрж өнгөлөх шаардлагатай. Машины металл хүртэл гэмтсэн сэв арилгах хэрэгсэл бүтэн комплекс байдлаар зарагддаг ба энэ нь акрилын будаг, зэврэлтийн эсрэг үйлчилгээтэй болон энгийн суурь-замаск, тунгалаг лак зэрэг байна. Машинаа угааж хатаана. Хэрвээ гэмтсэн хэсэгт зэв байгаа бол нарийн зүлгүүрээр зүлгэж арилга. Металлын гадаргууг тосолж цэвэрлээд захаар нь тууз наана. Одоо зэврэлтийн эсрэг замаск буюу сууриа тавьж хатаана. Дараа нь жирийн замаск-сууриа тавьж гадаргууг нь тэгшилж будаг тавихад бэлтгэнэ. Будагны эхний давхаргыг тавина. Бүрэн хатсаны дараа дахин будна. Будаг хатсаны дараа тунгалаг лакаар бүрхүүл тавьж будна.


4. Хуванцар дээрх сэвийг арилгах нь
Сэв зураас машины дотоод гоёл чимэглэл дээр бас их гардаг. Хаалганы болон бусад хуванцар эдлэл дээр янз бүрийн сэв зураас амархан гарч муухай харагдуулна.
Хуванцар сэргээгч
Машины салон болон бусад хуванцар эд зүйлсийн сэвийг хуванцар сэргээгчээр засна. Ийм хэрэгсэл цацлага болон бусад байдлаар зарагддаг байна. Энэ хэрэгсэл маш сайн нэвчих чанартай учир хуванцрын сэвийг дүүргэдэг. Мөн ийм хэрэгслийн бүтцэд өнгөлөгч байх учир хуванцар хэсгийн өмнөх өнгө төрхийг сэргээнэ.

Хэрэглэх заавар нь хайрцаг дээр нь бий. Сэв арилгахын өмнө тухайн гэмтэлтэй хэсгийг сайтар угааж цэвэрлэн бүрээн хатаасан байх хэрэгтэй. Үүний дараа цэвэрхэн алчуур ашиглан гараар өнгөлнө.


5. Салхины шилэн дээрх зураас царапыг  арилгах
Хамгийн таагүй сэв зураас бол энэ. Гэмтсэн, сэв зураастай шил нь муухай харагдахаас гадна харах боломжийг багасган элдэв гэрлийн хугарал бий болгоно. Үүнийг тусгай сервист өнгөлөх замаар арилгадаг. Гэхдээ өөрийн гараар ч бас арилгаж болох билээ.
Энэ аргаар элэгдсэн, сойзноос үлдсэн гэх мэт жижиг сэвийг арилгаж болно. Харин илүү гүн, хумсанд тээгэлдэх хэмжээний сэв бүрэн арилахгүй боловч арай бага болж, ирмэггүй болно. Ийм өнгөлгөөнд церийн оксид бүхий паста, өнгөлөгч зэрэг хэрэгтэй. Шилээ угаагаад хаттал нь арчина. Дотор талаас нь шилний сэвийг тэмдэглэх нь хаана өнгөлөхөө мэдэж байхад хэрэгтэй. Өнгөлгөөний машины хошуунд өнгөлөх материалаа углаад бага зэрэг паста түрхээд өнгөлнө. Дунд зэргийн эргэлтээр хүчтэй дарахгүйгээр бага хэсэг хамран өнгөлөх хэрэгтэй. Шилээ халаахгүйн тулд үе үе зогсож зай авах нь зөв. Шилээ усаар норгож дахин хаттал нь арч. Үр дүн гартал нь 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаанд өнгөлөх ажлаа үргэлжлүүлнэ.


6. Машины их гэрэл дээрх сэвийг арилгах нь
Гэрэл дээрх сэв зураасыг шилэн дээрхтэй адил аргаар үгүй болгоно. Жирийн шарласан гэрлийг шүдний оогоор өнгөлж болох боловч тусгай зориулалтын өнгөлгөөний хэрэгсэл ашиглах нь илүү үр дүнтэй. Ажлын дараалал нь хэрэглэх заавар дээр байх боловч ерөнхий зарчим нь доорх байдалтай байна:
Гэрлээ угааж хаттал нь арчина. Ойр хавийг нь туузаар нааж тусгаарлана.
Усанд норгосон өнгөлгөөний материалаар өнгөлөх ба дараа нь том ширхэгтэй өнгөлөгчөө тойрог байдлаар, дунд зэргийн эргэлттэйгээр өнгөлнө. Хамгийн сүүлд гөлгөр тэгш болгохын тулд хамгийн нарийн ширхэгтэй өнгөлөгчөөр, пастагаар өнгөлнө. Гэрлээ өнгөлсний дараа сайтар угааж цэвэрлээд хатаах ба хатсаны дараа УФ-лакаар нимгэн давхарга тавина. Машинаа нартай газар тавьж лакаа хатаана. Эдгээр үйл ажиллагааны үр дүн бүтэн өдрийн дараа бэхжих учир энэ хооронд машинаа угааж болохгүй.

Эх сурвалж : www.horom.mn