Приус болон бусад хайбрид хөдөлгүүртэй машинаар болж өгвөл гол болон их хэмжээний усаар гатлахгүй байх хэрэгтэй

1-рт хайбрид авто машинаар их ус туулах, удаан хугацаагаар усан дотор зогсох зэрэгт цахилгаан системүүд гэмтэж болох аюултай.

  • Хэдий уснаас хамгаалсан жийрэг таг бий боловч удаан хугацаанд ашиглагдсан зэргээс жийрэг хатуурах, задлаад ахин угсрахдаа битүүмжлэлийг дутуу хийснээс ус орох магадлалтай.

2-рт хайбрид автомашин агаар шүүгчээрээ ус сорохдоо энгийн авто машинаас маш амархан байдаг байна. Яагаад гэхээр ихэнх энгийн автомашины агаар шүүгч хөдөлгүүрээс тусдаа байрлаж урт хоолойгоор агаараа соруулж авдаг бөгөөд энэ нь түргэхэн хугацаанд ус орсон ч агаар шүүгчийг нэвтэрч урт хоолойг дүүртэл сорогдтол нэлээн уддаг юм.

  • Мэдээж гүн усанд удаан орсон тохиолдолд ус орох нь гарцаагүй бөгөөд энгийн бензин хөдөлгүүр унтарч машин зогсдог. Харин хайбрид автомашины хувьд урт хоолой хийх зайд хайбрид систем байрласан байдаг учир агаар шүүгчийг шууд хөдөлгүүрийн дээр хийсэн бөгөөд богино хоолойгоор агаар сорж байдаг. Өөрөөр хэлбэл агаар шүүгчийг ус нэвтэрлээ л бол ус шууд хөдөлгүүрт сорогдож орохоор байгаа юм. Урд агаар соруулах хоолойгоор ус цутгахад л шууд хөдөлгүүр сорж авна.
  • Ингэхэд  хөдөлгүүр усанд унтарч зогсох боловч хайбрид систем ажиллаж цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар уснаас гараад явна. Хэсэг хугацаанд цахилгаан хөдөлгүүр ажиллаж баттерэйн цэнэг багасаж бензин хөдөлгүүр асах хэрэгтэй болно. Энэ үед л таны хөдөлгүүрт ус ороод зогссон бол асахдаа эвдрэх болно.
  • Эвдрэх эвдрэхдээ ноцтой эвдрэх болно. Яагаад гэхээр хайбрид нь стартер байхгүй бөгөөд цахилгаан мотор нь бензин хөдөлгүүрийг асаадаг юм.
  • Энгийн машины стартер 2-4 кВт чадалтай бол цахилгаан хөдөлгүүр дор хаяж 30кВт байгаа. Энгийн стартераар ус орсон хөдөлгүүрийг эргүүлэхэд хэд эргүүлээд гацаж ахин эргэхээ байдаг. Задлаад үзэхээр шатун тахийгаад гацсан байдаг ба гэмтсэн деталиудыг солиод хөдөлгүүр хэвийн байдалдаа орно.
  • Харин хайбридын хувьд маш хүчтэй цахилгаан мотортой тул шатуныг хугартал эргүүлж хугарсан шатуун хөдөлгүүрийн блок болон ойролцоох эд ангийг цөм цохидог ба маш хүчтэй нүдсэн дуу гарч явах аргагүй болгон хөдөлгүүрийг бүтнээр нь солихоос өөр аргагүй болгодог. Азаар ус ороогүй бол асаад явна гэсэн үг.
  • Тиймээс та машиныхаа хамрын урд үзүүр дээгүүр ус давсныг харсан л бол зогсоод шалгахад гэмгүй. Мөн усанд орсны дараа машин дан цахилгаан хөдөлгүүрээр яваад байвал сэжигтэй гэсэн үг. Даруйхан зогсож шалгах хэрэгтэй. Юуг шалгах вэ гэж үү?
  • Юуны түрүүнд агаар оруулах хоолойн урд ам  норсон эсэхийг, дараа нь агаар шүүгч норсон эсэхийг. Хэрэв агаар шүүгч норсон байвал цааш очлуурыг авч үзэх эсвэл тусламж дуудах хэрэгтэй. Ингэсний дараа аль цилиндрт ус орсныг тогтоож усыг зайлуулах арга хэмжээ авсны дараа эргэж угсран явна.