Хагарсан гуперны өчил

Их хотын минь нийслэл Улаанбаатар…
2018 оны эцэст гаргасан судалгаагаар Улсын хэмжээнд нийт 958,560 тээврийн хэрэгсэл байгаагаас 536,171 нь Улаанбаатар хотод, 422,389 нь орон нутагт бүртгэлтэй байжээ. Өдөрт дунджаар Нийслэлд бүртгэлтэй 350,000 тээврийн хэрэгсэл, орон нутагт бүртгэлтэй 90,000 гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод зорчдог гэсэн тойм тоо байдаг. Үүнээс үзвэл өдөр бүр Улаанбаатар хотод дунджаар 440,000 тээврийн хэрэгсэл зорчиж өдөрт 102 зам тээврийн осол (Жилд 37241 зам тээврийн осол) бүртгэгддэг. Ийм байдлаас машиндаа ганц ч сэв, зураасгүй яваа эрхэм жолооч танд баяр хүргэе, бусад жолооч нарын хувьд наашаа түр анхаарлаа хандуулна уу.

Миний хувьд саяхан шон мөргөж хойд гуперээ хагалснаар алдарт кузов засваруудаар явах шаардлагатай болж, үүгээр далимдуулан багахан судалгаа хийх боломж нээгдсэн билээ. Улаанбаатар хотод ерөнхийдөө Монгол кузов засвар, Вьетнам кузов засвар, Хятад кузов засвар гэсэн гурван улсын кузов засвар дийлэнх зах зээлийг эзэлдэг. Засварын чанарыг түр хойш тавиад засварын үнийн асуудлыг авч үзэцгээе.

Монгол засварын хувьд нөгөө 2 засвараасаа арай үнэтэй буюу 1 деталь 140,000₮-160,000₮-ийн хооронд, Вьетнам засвар 1 деталь 120,000₮-150,000₮, Хятад засвар 1 деталь 90,000₮-110,000₮-ийн хооронд байх бөгөөд тухайн деталийн гэмтлээс шалтгаалан засварын төлбөр хэлбэлзэлтэй байдаг ажээ. Миний тохиолдолд авч үзвэл гуперийн хувьд том хэмжээгээр цуурч хагарсан, түгжээ хугарсан учраас Монгол засвар 200,000₮-230,000₮, Вьетнам засвар 190,000₮-200,000₮, Хятад засвар 180,000₮-200,000₮-ийн төлбөртэйгөөр тус тус засварлана гэсэн юм.

Одоо засварын чанарын тухай багахан судалгааг хүргэе. Монголчуудын хамгийн их машинаа засуулдаг газар бол яах аргагүй Вьетнам засварууд, хүмүүсийн ярьдагаар Вьетнам засварын газрууд засвар хийхдээ сайн боловч будагны тал дээр өнгө зөрөх асуудал гардаг тул тэр тал дээр сайн анхаарч чадвал маш чанартай сайн болдог гэдэг бол Монгол засварын хувьд үнэтэй боловч “Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэдэг шиг өнгөн талдаа маш сайн боловч эргээд хагарах, будаг хуурах асуудал гардаг ажээ. Эцэст нь Хятад засварын газрууд хамгийн хямд үнээр засварлах боловч чанар муутай, будагны тал дээр өнгө зөрүүлдэг. Энэ бол засварын газруудаар байнга ордог бидний л адил жолооны хүрдний ард суудаг хүмүүсийн ам дамжсан яриа юм. Аль нэг талыг барьсан, муулсан зүйл огтхон ч биш гэдгийг хүндэт уншигч та тунгаан бодууштай.

Кузов засвар  хайж байгаа жолооч бүхний хамгийн түрүүнд хүлгийн жолоо залдаг хамгийн олон засварын газар байрласан хэсэг бол бидний хэлж заншсанаар 3-р Бичил хорооллын зам дагуух засварын газрууд юм.