Шинэ жилийн гацуур мод засах болсон түүх

ШИНЭ ЖИЛИЙН ГАЦУУР МОД ЗАСАХ БОЛСОН ТҮҮХ

 

Бид хүүхэд наснаасаа л гоёл чимэглэл, тоглоом наадгайгаа зүүсэн гацууртайгаа хамт шинэ жилээ угтдаг. Шинэ жилийн баярын бэлэгдэл болгож  энэхүү ганган ногоон гацуурыг залдаг уламжлал нь  үеэс үед  дамжсаар нэг бус зууныг  ардаа үджээ.

 Шинэ жилээ гацуур чимэглэн угтдаг болсон ёс заншлын гарал үүсэл.

Эрт дээр үед хүмүүс модонд сүнсүүд амьдардаг тул тэр далдын хүчтэй гэж боддог байсан учраас янз бүрийн модыг зүгээр л чимэглэдэг заншилтай байжээ. Ингэхдээ тэд модыг алим, өндөг, самраар чимэглэж сүнснүүдийг аргаддаг байж.

Гацуур нь бусад моддын дотор ямагт онцгой байр эзэлж иржээ. Түүнийг амьдралын бэлэгдэл, үхэшгүй мөнхийн мод гэж үздэг байв. Гацуур мөнх ногоон байдаг болохоор түүнд ямар нэг ид шид нуугдан байдаг гэж итгэдэг байв. Гацуур мөнх ногоон байдаг нь нар л түүнд онцгой эрх, ямба эдлүүлдэгтэй холбоотой гэж бидний   өвөг дээдэс ойлгодог байжээ.

 

Жишээ нь, Грект гацуурыг амьд бүхний  ашид мөнхийн ариун найдвар гэж үздэг байсан гэнэ. Домогт гардаг Трояны морийг ч гацуураар хийсэн гэж үзэж байв. Анх Францын Эльзаст 1605 онд гацуурыг чимэглэсэн аж. Түүхэн тэмдэглэлд дурдсанаар тэр үед цаасан сарнай, жигнэмэг, алим, ёотон, алтан мөнгөн саагаар чимэглэсэн гацуурыг баярт зориулан байрлуулдаг байсан гэнэ. Энэ гайхалтай санааг Европ дахин тэр дор нь шүүрэн авсан байна. Үнэнийг хэлэхэд гацуурыг эхлээд зөвхөн чинээлэг айлууд л тавьдаг байжээ. Одооны баяр цэнгэл хямд бусаар тусах болсныг шүүмжлэгчдэд хэлэхэд, тэр үед чимэглэсэн гацуурыг нэг үхрээр, тэр ч байтугай хотын байшингаар худалдаж авч байсан гэнэ. Орост шинэ жилийг 1700 оноос тэмдэглэх болсон ба санаачлагч нь Петр I байсан байна. Тэрээр зууны шинэ тооллыг европын орнуудынхтай адил болгожээ. Гагцхүү энэ уламжлал хадгалагдаж үлдээгүй бөгөөд эзэн хааныг  нас барсаны дараа таг мартагдсан ажээ. Екатеринагийн  үед энэ нь дахин сэргэж, бүр хожим 19 дүгээр зууны хоёрдугаар хагаст шилмүүст модыг чимэглэх болсон байна. Ингээд 1852 онд Петербургт анхны гацуурыг залж байрлуулжээ.

Хуучин цагт шинэ жилийн гацуур ямаршуухан харагдаж байв?

Дээр үед гацуурыг яаж гоёулж байсныг Щелкунчик гэдэг үлгэрт гардгаар  /Немцийн зохиолч Э.Т.А Гофманы 1816 онд зохиосон үлгэр. Орч/ төсөөлж болно. Гацуур модонд өлгөсөн  өндөгний хальсан дээр зурсан зургууд, өнгөт цаасанд ороосон самрууд, алтан утаснууд, чулуу, сувдан зүүлтүүд, гурилаар хийсэн дүрсүүд, лаануудыг харж болно. Анхны шилэн бөмбөлөгүүд 19 дүгээр зууны дундуур гарч ирсэн ба ингээд бодоход 1966 оноос өмнө гарсан чимэглэлүүдийг хуучных  гэж үзэж болох юм. Энэ нь үндсэндээ тэр үеийн зөвлөлтийн бэлэгдэлтэй бөмблөгүүд, эрдэнэ шишийн боргоцой, сансрын нисэгчид, пуужингүүд  байх жишээтэй.

Гацуурыг хаана байрлуулах нь дээр вэ?

 Гацуур чинь том бол түүнийг шалан дээр тавьсан нь дээр, ширээн дээр багтахаар бол түүнийгээ ч сонгож болно. Таазанд тогтоох санаа хэний ч толгойд орж ирээгүй л байна. Тэгвэл Германд 400 жилийн өмнө гацуурыг гэртээ оруулах заншил дөнгөж дэлгэрч эхэлсэн бөгөөд гацуурынхаа дээд үзүүрийг нь доош нь харуулан таазанд бэхэлдэг байсан нь харахад эвтэйхэн бас ер бусын байсан гэнэ.

 

Өнөө цагийн ганган ногоон гацуурууд

Бидний үед гацуурыг хамгийн том гэгдэх талбайддаа залцгаах болсон. Италид гэхэд л  Рим дэх гэгээн Петрийн талбайд гацуураа босгодог байна. Лондонд бол Трафальгарын талбайд, Нью-Йоркт  Рокфеллерийн төвд, түүгээр ч барахгүй  Рио-де-Жанейрод Лагоа нууранд байрлуулсан гацуур нь хөвж байдаг ажээ. Дэлхийн хамгийн өндөр гацуурыг 2009 онд Мехикогийн төв өргөн чөлөөнд босгосон бол, Арабын бүгд найрамдах Эмиратад 2010 онд 12 сая долларын үнэ бүхий цэвэр алтан бөмбөлөгөөр гацуураа чимсэн байна. Гацуурын хэв загвар,түүний чимэглэлийн хэв загваруудыг  тэгтэл нь  гангаруулж   байдаг алдарт зохион бүтээгчдийн  шинэ жилийн гоёл чимэглэлийн үзмэр цуглуулгууд ингээд зогсоно  гэж үгүй. Гацуурын түүх ч үүгээр дуусахгүй, цаашид ч  биднийгээ ямар нэг ер бусын зүйлээр алмайруулах нь гарцаагүй.