Жолооч бүрийн толгойн өвчин болсон асуудлуудын нэг бол яалтчгүй машины суудлын бүрээсэн дээр тогтсон толбо байдаг. Та машинаа хичнээн угааж цэвэрлэсэн ч эрт, орой хэзээ нэгэн цагт дахиад л бохирдоно шүү дээ. Иймд бид нийт жолоочиддоо хандан машины суудлын бүрээсэн дээр тогтсон толбыг хэрхэн хялбар аргаар үр дүнтэй цэвэрлэх аргуудаас хуваалцаж байна.
1. “Цагаан цуу” болон “Хүнсний сода”-гаар толбо арилгах
Машины суудлын тань зөвхөн нэг хэсэгт нь толбо тогтож, түүнийг угаахаас өөр аргагүйд хүрсэн бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай! Цагаан цуу болон хүнсний сода нь яг л баллуур мэт таны машины суудал дээр тогтсон толбыг арилгах болно. Ингэхдээ дээрх орцуудыг толбоны хэмжээнээс хамааран 1/3 харьцаатай байхаар зуурч бэлтгэнэ.
Хүнсний сода нь цагаан цуунаасаа их хэмжээтэй байх ёстойг анхаарна уу. Ингээд зуурмагаасаа том хэмжээтэй сойтгонд авч суудлын толботой хэсгийг үрж өгнө. Үрсэн хэсэг сайтах хатсаны дараа жижиг оврын тоос сорогчоор үлдэгдэл содаг соруулан аваарай!
2. Сойтгоо суудлын бүрээсийг үрэх
Зарим бохирдлын хувьд зайлшгүй нэмэлт бодис, цэвэрлэгч шингэн шаардахгүйгээр зүгээр л тухайн хэсгийг сайтар үрж, сойтогдоход бохирдол арилах нь бий. Тиймээс тус аргыг ч мөн хэрэглээд үзэхэд гэмгүй юм.
3. Оливийн тосоор арчих
Машинаа аль болох байгалийн гаралтай, зөөлөн цэвэрлэгчээр цэвэрлэж байхыг хичээгээрэй! Хүчтэй бодис л зөвхөн сайн гэсэн үг биш шүү дээ. Хэрэв таны машины суудлын бүрээс арьсан, тос уудаггүй материалтай бол бага зэрэг оливийн тос шингээсэн алчуураар арчиж өгөөрэй! Өнгө нь сэргэж, яг л шинэ мэт харагдах болно.
4. Шүршигчээр бүрээсэнд наалдсан үс, бохирдлыг цэвэрлэх
Даавуун эсвэл үс ноос, хог их татдаг суудлын бүрээстэй бол та шүршигч саванд цэвэр ус хийж машины тоостой хэсэг рүү шүршиж өгөөрэй! Харин дараа нь порлоноор арчиж авснаар бүрээсэнд наалдсан үс, хог цэвэрлэгддэг юм.
5. Эвгүй үнэрийг арилгах
Хэрэв таны машинд хэн нэгэн бөөлжих, эсвэл таагүй үнэр шингэсэн бол хүнсний содан дээр бага зэрэг анхилуун үнэртэй эфирийн тос дусааж, шилэн саванд хийж тавиарай! Ингэснээр үнэрээ удаан барихаас гадна та үнэтэй үнэртүүлэгч авч, мөнгөө үрэх шаардлагагүй билээ.
6. Машины шил арчигчийг спиртээр арчих
Машины шил арчигчийг бага зэрэг спирт, эсвэл архи шингээсэн алчуураар арчаад, дараа нь ажиллуулаарай! Машины тань цонх яг л шинэ мэт гялалзаж, загалтаж бохирдох нь удаан байх болно. 7 хоногт 2-3 удаа ийн арчаад байхад машины шил бохирдох нь бага байдаг.
7. Сонин болон цагаан цуугаар шил арчих
Мөн цагаан цууг шүршигч саванд хийж, машины шил рүү цацсаны дараа хэсэг байлгаад, сонингийн цаасаар арчиж авахад, машины шил гялалзаж, өнгө ордог.
8. Машины дугуйг цэвэрлэх
Ижил хэмжээтэй цагаан цуу болон усыг шүршдэг саванд хийж, дугуй руугаа цацаж өгөөрэй. 10 минут орчим байлгасны дараа даралттай усаар шүрших, эсвэл алчуураар арчин авч болно.
Мөн содатай усаар машиныхаа дугуйг арчвал, тоос шороо тогтож, бохирдох нь бага байдаг аж. Ингэхдээ мөн л шүршигчтэй саванд 3-4 халбага хүнсний сода хийж, түүнийгээ дугуй руугаа шүршиж өгөөрэй!