Дэлхийн хамгийн үнэтэй 10 машин

 1. Koenigsegg CCXR Trevita – 4.8 сая $

Шведийн спорт  машин үйлдвэрлэгч манай жагсаалтыг CCXR Trevita загвараараа тэргүүллээ.  “Энэ машин яагаад 4,8 сая доллар гэж вэ? Алтаар хийсэн юм уу хаашаа юм” гэж та бодож байна уу?  Хэрвээ тэгж бодож байгаа бол та бага зэрэг л андуурлаа. Яг үнэндээ бол энэ машиныг “бараг л” очир алмазаар хийсэн гэж хэлж болно.  Koenigsegg компаний  боловсруулсан карбон файбер их биеийг  очир алмазын үртэсээр бүрсэнээр энэхүү машин бүтжээ.
Гайхамшигт хүлгийн гадаад “гоо сайхан” ийм байдаг байж,  харин капутыг сөхөж үзвэл 4,8 литрийн хос хурдасгуур бүхий V8 хөдөлгүүр, 1004 морины хүч, фит тутамд 797 паундын мушгих  хүч нуугдах аж.  Энэ нь энгийн үгээр юу гэсэн үг вэ гэвэл хурдны зам дээр түүний урд гарах хаймар дугуйтан байхгүй ээ л гэсэн үг юм.  Дэлхий дээр ердөө гурван ширхэг л  бий.

2. Lamborghini Veneno – 4.5 сая $

Хор… энэ бол таны дээр харж буй хүлгийн нэрний Испани орчуулга нь юм.  Үнэхээр л нэрэндээ таарсан бүүдгэр өнгө зүстэй ба хэзээ мөдгүй үсэрч ирээд хатгахаар зэхэж буй хорт могой мэт энэ хүлгийг уг компаний 50 жилийн ойд зориулан бүтээжээ.Хаанаас нь ч харсан төгс төгөлдөр гэж хэлж болохоор энэ  машин эгээ л манай дэлхийгээр зугаалж яваа харь гаригийн хөлөг гэлтэй.  Veneno мэдээж маш хурдан.  6,5 литрийн V12  хөдөлгүүр тахир голыг тань минутанд 8400 удаа эргүүлж 740 морины хүч гаргана гээд бод доо. 100км/цаг хурдыг авахын тулд танд ердөө 2,9 секунд л шаардлагатай… гайхалтай биш гэж үү.

3.W Motors Lykan Hypersport – 3.4 сая $

Хэрвээ та  “Догшин 7” / Furious 7/  киног үзсэн бол Ливанд үйлдвэрлэгдсэн  энэ супер машин Дубайн тэнгэр баганадсан барилгуудын хооронд “нисч” байхыг харсан байх.  Юу энэ машиныг дэлхийн хамгийн том автомашины франчайз  болсон киноны гол дүр болоход хүргэв ээ?
Гадна үзэмжнээс нь эхэлцгээе. Үнэт эрдэнийн шигтгээ бүхий урд гэрэл, дээшээ онгойдог хаалга, уран зөгнөлт киноноос гараад ирсэн мэт салон.  Техникийн үзүүлэлтүүд нь ч гэсэн харагдах байдлаасаа нэг их зөрөхгүй буюу  3,7 литрийн хос турбо хөдөлгүүрээсээ 770 морины хүч гаргах аж. Энэ машиныг кинонд тоглож, шилэн хоргонд залрахаас өөр ид шидгүй ямбатай амьтан гэж бодож байгаа бол та буруу боджээ.  Lykan Hypersport нь Абу-Дабигийн замын цагдаагийн албанд хүчин зүтгэдэг ба ердийн машинд гүйцэгдэхгүй хамгийн  “муу залуусыг” хөөж барьдаг байна. 100км/цагийн хурдыг 2,8 секундэд авдаг түүний хувьд энэ нь тийм ч хэцүү ажил биш биз ээ.

4.Limited Edition Bugatti Veyron by Mansory Vivere – 3.4 сая $

Энэхүү жагсаалтанд мэдээж хүчирхэг Buggati Veyron  байхгүй бол алдас болох биз.  4-р байранд Mansory Vivere тусгайлан сайжруулсан загварыг онцлох болсон шалтгаан бол энэхүү машин нь хамгийн хурдан төдийгүй хамгийн үнэтэй хувийн хэрэглээнд  унаад явах боломжтой машинуудын нэг юм. Энгийн Bugatti Veyron-оос  юугаараа илүү вэ гэвэл карбон файбер их бие, нэмж өөрчилсөн салхи зүсэгч, сайжруулсан урд их гэрэл, нэмж илүү тансаг болгосон салон, ахин загварыг нь өөрчилж суулгасан нүүр зэрэг болно.  Энэхүү Bugatti Veyron–ыг машин гэхээсээ илүү урлагийн бүтээл гэж үзэх хүмүүс ч нэмэгдсээр байгаа гэнэ.  Дээд хурд нь 406км/цаг гэнэ.

5.Ferrari Pininfarina Sergio – 3 сая $

Ferrari  Sergio манай жагсаалтын  хамгийн үнэтэй нь биш хэдий ч хамгийн эрэлттэй загвар яалт ч үгүй мөн билээ. Бүх цаг үеийн туршид ердөө зургаахан ширхэг үйлдвэрлэгдсэн юм.  Италийн домогт машины загвар зохион бүтээх агентлаг болох Pinifarina- гийн бүтээл бөгөөд Ferrari 458 Spider–ын суурин дээр угсарсан байна. Энэ нь түүний ялгуусан өнгө үзэмжний цаана 4,5 литрийн V8 хөдөлгүүрээс гарах 562 морины хүч нуугдаж буй гэсэн үг юм.  Sergio нь  эх загвараасаа  хөнгөн тул жолоодлогын хувьд илүү болсон байна.  Мөн жолоочийн суудлын дэр нь шууд дээврийн хэсэгтээ бэхлэгдэж өгсөн нь бас нэгэн өвөрмөц шийдэл болж чаджээ. Маш цөөхөн ширхэг үйлдвэрлэгдсэнээс гадна энэ машиныг та  3 сая ногоон  халаасалж очоод авчихна гэж бодож байгаа бол санасны чинь гарз, учир нь энэ машиныг хүссэн хүн бүрт худалдаалдаггүй ба үйлдвэрлэгчийн зүгээс шаардлага хангасан хүмүүсийг өөрсдөө сонгосны үндсэн дээр худалддаг байна.


6. Pagani Huayra BC – 2.6 сая $

AMG суурин дээр угсарсан V12 хөдөлгүүрийнхээ хүчээр Top Gear нэвтрүүлгийн хамгийн хурдан машины жагсаалтын 2т бичигддэг Pagani Huyra нь Инкийн салхины бурханы нэрээр нэрлэгдсэн юм.  2016 онд Женевийн авто үзэсгэлэн дээр энэ загварыг анх танилцуулж байлаа.  Өмнөх загвараасаа илүү хөнгөн , илүү тачаангуй болсон тэрээр энэ ангилалдаа өрсөлдөгчдөө нэг нэгээр нь өвдөг сөхрүүлсээр байгаа билээ.  Шинэ загвар өмнөхөөсөө тэс өөр гэдэг нь хальтхан хархад ч ойлгомжтой болжээ. Аварга том арын салхи зүсэгч нь 320км/цагийн хурдтай явах үед 500кг-ын доош дарах хүчийг үзүүлдэг  бол илүү өргөн хойд тэнхлэг, шинэчилсэн доод хормой зэрэг нь аеродинамикын давуу талуудыг бий болгодог байна. Дээрхи бүгдээс гадна шинэ загвар үнэхээр хөнгөн буюу ердөө 1,3 тонн жинтэй болсон нь карбон файбер болон бусад хөнгөн материалыг түлхүү ашигласантай холбоотой.


7. Ferrari F60 America – 2.5 сая $

Хойд Америкт Ferrari худалдаалагдаж эхэлсний 60 жилийн ойд зориулан энэхүү сайхан амьтныг 10 ширхэгийг үйлдвэрлэжээ. F12 Berlinetta загвар дээр үндэслэн хийсэн F60 загвар нь үнэхээр Америк эх оронч хэв маягийг мэдрүүлж чаддаг нь АНУ-ын далбаан дээр дүрслэгдсэн од ба зурааснууд болон өнгө зэргийг загвартаа түлхүү ашигласнаас харагддаг. Даавуун материалаар хийгдсэн эвхэгддэг дээвэр нь 120км/цаг хурдтай явах үед ч ажиллах боломжтой юм байна. Хүчирхэг 6,2 литрийн  V12 хөдөлгүүрийн хүчээр 100км/цагийн хурдыг 3,1 секундэд авдаг.


8. Bugatti Chiron – 2.5 сая $

Өмнөх жинхэнэ классик загварынхаа нэр хүндийг хэрхэн залгамжлах ёстой вэ? Мэдээж түүнээс илүү байх хэрэгтэй… 2,5 сая доллараас эхэлдэг Chiron өмнөх загвар болох Veyron-оо бүх талаараа “илүүрхэнэ”.  Veyron-ыг автомашины хөгжлийн оргил хэмээж байсан хүмүүс  рүү Chiron инээж байна.  Энэхүү машин нь үнэхээр байж болох техникийн боломжуудыг дээд цэгт нь тулгаж байгаа гэж болно. Түүний үзүүлэлтүүд үнэхээр сүрдмээр. 4 турбо бүхий 8 литрийн W16 хөдөлгүүрээсээ 1500 морины хүч гаргана гээд бод доо. 100км/цагын хурдыг ердөө л 2,5 секундэд авдаг боловч тэрээр хамгийн хурдан машин биш юм. Тэрхүү титмийг Hennessey Venom GT зүүдэг юм.  Гэвч энэ төрлийн машинуудын хувьд хамгийн гол нь хурд биш байдаг ба хүлээн зөвшөөрөгдөх нь илүү чухал байдаг билээ. Тэр зорилгоо бол Chiron  харин ч биелүүлсэн шиг биелүүлж байгаа машин даа.

9. Koenigsegg One:1 – 2 сая $

2 сая доллараар та юу авч болох вэ?  Тансаг хаус, тэгээд 20 ширхэг цоо шинэ Mercedes S-class, эсвэл дээрхи машинаас нэгийг авч болно.  Ухаантай хүн бол ямар сонголт хийх нь ойлгомжтой байх, гэвч энэ төрлийн машинуудад таны ухаантай эсэх чинь хамаагүй. Мөнгөтэй эсэх нь л илүү сонин байдаг юм. Гэхдээ энэ машины юу чадахыг сонссоны дараа та бодлоо өөрчилж ч  магадгүй шүү.  Тусгайлан цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн One:1 нь Agera R –ын суурин дээр үндэслэн хийсэн бөгөөд нэг кг тутамд нэг морины хүч гэсэн бичигдээгүй хуулийг баримтлан бүтээсэн байна.  Тиймээ, энэ машин 1340 кг жинтэй ба 1340 морины хүчтэй. Формула 1-ийн машинуудаас санаа авсан их бие, хөргөлттэй керамик тормоз гэх мэт бусдад байхгүй зүйлс бас бий. 6 ширхэг үйлдвэрлэгдсэн ба тэр даруйдаа зарагджээ.

10. Koenigsegg Regera – 2 сая $
Хайбрид супер машины тухай ярихад Mclaren P18, Porsche 918 spyder, Ferrari LaFerrari 3-ын тухай л яригддаг  ба Koenigsegg үргэлж дурьдагдалгүй өнгөрдөг байлаа.  Үүнээс  үүдэн Шведүүд бүх талаараа дээрхи машинуудыг “ дээрэлхэхээр” цахилгаан машин бүтээхээр шийджээ.  Хос  турботой 5 литрийн V8 хөдөлгүүр болон 4,5 kWh  цахилгаан хөдөлгүүрээр “зэвсэглэсэн” тэрээр толгой эргэмээр буюу 1500 морины хүчийг  2 хөдөлгүүрээсээ гаргадаг байна. 100км/цагийн хурдыг 2,8 секундэд авах чадалтай боловч түүний 300 км/цагийн хурдыг авах хугацаа илүү сэтгэл  хөдөлгөмөөр буюу 10,9 секунд юм. Энэ машин нь өөрийн дээд хурд болох 400км/цагийн хурдаа 20 секундэд авах чадалтай. Гэвч үйлдвэрлэгчдийн зүгээс энэ бол хамгийн дээд хурд биш  гэж мэдэгдсэн ба ердөө л хангалттай урт шулуун зам олж чадахгүй байна гэжээ.

Эх сурвалж: www.arav.mn