LANDCRUISER 80 ХУДАЛДАН АВАХ ЗӨВЛӨГӨӨ

ТА МАНАЙ auction.araa.mn сайтруу орж худалдан авалт хийх гэж буй машиныхаа өмнөх түүх эвдрэл гэмтэл зэрэг баталгаат мэдээллийг лавлана уу. 

Хөдөлгүүр

Бензин 1FZ-FE хөдөлгүүрийн хувьд маш сайн хөдөлгүүр гэгддэг бөгөөд нудраган гол тахир гол нь гинжээр холбогддог тул тасарна гэсэн гэсэн ойлголт байхгүй, харин дээд гавлын тагны жийрэг нь сууж бага зэрэг тос хөлөрсөн байдаг. Тийм бол жийрэгийг солих шаардлагатай болно. Урд хойд тахир голын их биеийн сальникаар тос хаяж байж болзошгүй, дээд агаар оруулах хоолой агаар шүүгч солих үед бүтнээр нь тайлж авалгүй сольсноос гармошк хэсгээрээ тасарсан байж магад. Өөр хүнд гэмтэл гарах нь ховор.

Харин HZ болон HD дизель хөдөлгүүр нь духны рементэй учир ремен муудсан байж болзошгүй. Хэдийгээр ремен солих анхааруулах гэрэл байдаг боловч ассан үед унтраасан байх магадлалтай тул гадна тагийг тайлаад нүдээрээ харсан нь дээр. Харахад ремений гадаргуу дээр хагаралт үүсээгүй, зах нь сэмрээгүй байвал зүгээр. Турбо нь хэт халааснаас эвдрэх магадлалтай ба муудсан бол агаарын хоолой руугаа тос цацсан байдаг.

Дизель хөдөлгүүр нь бохир түлш хийснээс түлшний  шүүр бөглөрч хүчгүй болох, форсунк шээх, пара плунжур хортон сууснаас хөдөлгүүр доголдох зэрэг асуудал бий. HD хөдөлгүүр нь агаарын ганц халаагчтай учир өвөл муудвал асахгүй. HZ нь цилиндр бүртээ халаагчтай тул нэг 2 муудсан байхад доголдоод асчихна. HD нь сүүлийн сайжруулсан загвар бөгөөд түлшээ шууд цилиндртээ цацдаг. Хар утаа их хаяж байвал түлшний өгөлтийг хэт ихдүүлсэн байна гэсэн үг бөгөөд ямар нэг түлшний системийн гэмтэлтэй байна гэсэн үг.

Кузов:

Харьцангуй зузаан төмөртэй боловч урд 2 дотор шанаа нь салдаг хийцтэй, манай замд дэржигнүүрт хамаагүй давхиснаас ханзрах нь элбэг. Ялангуяа баруун талынх их ханзардаг ба олдвол сольчиж болно. Дээрээ ачаа тавьж хэт их хүнд ачаа ачиж ширүүн явснаас хойд хаалганы багана, гуя хэсгээрээ цав гарах нь их.

Кузов рамыг бэхлэхэд тусгаарлах зөөлөвч резинүүд сууснаас донсолгоонд кузов бага зэрэг чичирдэг. Резинүүдийг солих. Урд салхины шил өвөл хяхтнах дуу гардаг.

Хойд гадна дугуй тогтоогчийн баригч болон түгжээн дэгээ элэгдсэнээс хөдөлгөөн орж дуугардаг.

Явах анги, жолооны механизм:

Рулийн тяг, рулийн амортизаторыг шалгахад илүүдэхгүй, втулкууд нь харьцангуй бөх нэгэн зэрэг сулрах нь бага. Хөндлөн тягных илүү хурдан сулардаг. Кардан голын чагтны сулрал хурдан . Ялангуяа механик хурдны хайрцагтай бол. Урд чулаакны цаапны доод 4 боолт сулрах гэмтэй.

Автомат хурдны хайрцаг:

Жирийн хэрэглэхэд эвдрээд байдаггүй, харин хэт удаан ачаалах хүчилснээс эвдэрнэ.

Эх сурвалж : cardoctormn