Машинаа болон хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч байгаа бол тухайн ломбардныхаа гэрээтэй маш сайн танилцах хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа барьцаанд байгаа эд зүйлийг өөрийн болгоно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. Ломбардны гэрээн дээр “гэрээний хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа эд хөрөнгийг худалдаалж ломбардны орлого болгоно” гэж заасан байдаг.
Мөн хугацаагаа сунгаагүйгээс гарсан хохирлыг тухайн ломбард хариуцахгүй гэж бичсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийг шууд зөрччихсөн байгаа хэрэг. Иргэний хуульд зааснаар хугацаа дууссан бол 14 хоногийн дотор зээлдэгчийн гэрийн хаягаар мэдэгдэл хүргүүлэх учиртай. Дараа нь зарах талаар тохиролцож, зарж борлуулсны дараа ломбард зээлүүлсэн мөнгөн дүнгээ, хүүтэй нь аваад зөрүүг эзэнд нь олгох ёстой. Гэтэл манайхан утсаар дарамтлах төдий ярьчихаад барьцааны эд хөрөнгийг зарчихдаг. Эсвэл “Одоо энэ манай өмч” гэж ханддаг. Хэрвээ ломбардныхан ийм хандлага гаргасан бол үйлчлүүлэгч Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй юм.
Мөн зарим авто ломбардууд зээл олгохдоо орлого нотлохгүй гэсэн нэрийдлээр танаас өөр барьцаа шаардахгүй, харин машин эзэмших эрхийг өөр дээрээ шилжүүлж авдаг байна. Таныг зээлээ буцааж төлж дуусмагц шууд эзэмших эрхийг шилжүүлнэ гэсэн байдлаар хүмүүсийг хуурдаг байна. Энэ аргаар олон ч хүмүүсийн авто машиныг зээлээ хугацаанд нь төлөөгүй гэсэн шалтгаанаар зарж борлуулан иргэдийг хохироодог олон ББСБ болон хувь ченжүүд байдаг тул та машинаа барьцаалан зээл авахдаа гэрээгээ сайтар унших хэрэгтэй.
Зээлийн гэрээ гэдэг бол хоёр талын тохиролцооны баримт бичиг юм. Тиймээс талууд зээлийн хугацаа, хүү, алданги, эрх, үүргийн талаар харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулах ёстой байдаг. Зээлдэгч та гэрээ байгуулахдаа гэрээнд заагдсан бүхий л заалтуудыг унших хэрэгтэй. Ойлгогдохгүй зүйл гарвал зээлдүүлэгч байгууллагын ажилтнаас санаа зоволтгүй асууж тодруулах хэрэгтэй. Гэрээгээ сайн уншиж танилцаж ойлгосны дараа гарын үсэг зурах нь хуулийн хувьд хамгийн зөв алхам юм шүү.