Шинэ машин авах гэж шаналж байснаас одоо барьж байгаа машиндаа цаг болон харьцангуй бага зардал гарган эдэлгээг нь уртасгах боломжууд: Өнөөгийн Улаанбаатарт А цэгээс Б цэг рүү машинаар очихын тулд нилээд эр зориг шаардагдах болжээ. Түүгээр ч барахгүй тэнгэрт тулсан шатахууны үнэ нь бидний зовж олдог хэдэн төгрөгийн ихэнх хэсгийг нь залгиж орхидог билээ.
Бид машиныхаа хэрэглээний зардал болох шатахууны үнэ, засвар үйлчилгээний төлбөр, даатгалын зардал гэх мэт зардлуудыг удирдах эрх мэдэл байдаггүй ч машиндаа хэрхэн анхаарал тавихаас шалтгаалан хэрэглээг нь уртасгаж болдог. Хэдхэн жил болоод л машинаа солих шаардлага гаргаж байснаас байгаа машиныхаа хэдхэн зүйл дээр анхаарал тавин хэвээр нь байлгах 10 зөвлөгөөг танд хүргэж байна.
Агаар шүүгч
Ихэнх жолооч нар машиныхаа тос болон тосны шүүгчийг байнга сольж байх шаардлагатайг мэддэг. Гэвч бусад шингэн болон шүүлтүүрүүдийг ч байнга сольж байх хэрэгтэй. Жишээлбэл агаар шүүгчийг сольж байх нь таны машин шатахуун бага зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг байна.
Хөргөх шингэн
Машины хөргөх системийг арчилж байх нь тос тосоолоо сольж байх шиг чухал юм. Хөргөх системийн гэмтэл нь хөдөлгүүрийг “хайлуулж” болох тул таны машинд маш том гэмтэл үүсгэж болох талтай. Урьдчилан сэргийлж хөргөлтийн системээ арчилж байх нь таны маш их мөнгийг хэмнэх боломжтой юм.
Дугуйны даралт
Дугуй нь машины хамгийн хайнга хаягдсан хэсэг юм. Ихэнх хүмүүс машины дугуйны даралтын байх хэмжээнд нь анхаарал тавьдаггүй нь машинд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэггүйтэй холбоотой юм. Дугуйны даралт нь байх хэмжээнээсээ зөрвөл машины эвдрэл ихсэхээс гадна шатахуун ихээр зарцуулдаг байна. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүйн байдал юм.
Оношилгоонд тогтмол оруулах
Та ямар нэгэн өөрийнхөө итгэдэг засварын газар эсвэл засварчныг олоод тэр нэг газартаа машинаа байнга үзүүлж байх нь танд ашигтай. Учир нь бид өвдөх болгондоо өөр өөр эмчид очиж үзүүлээд байдаггүй шүү дээ. Тийм болохоор нэг засварчнаар машинаа засуулж байх нь таны машиныг илүү сайн засаж байх болно.
Машиндаа шалгалт хийж байх
Та одооноос эхлэн машиндаа үе үе шалгалт хийж байхыг бид танд санал болгож байна. Машинаа тойруулан ажиглаж, дугуйны хий адил хэмжээтэй эсэх болон хамраа сөхөж резин хоолойнуудыг шалгах мөн бүх гэрлүүд ажиллаж буй эсэхийг шалгахад ердөө л 5 минут хүрэхгүй хугацаа зарцуулагдана. Энэ нь таны машинд гарж болох эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм.
Хянах самбарын анхааруулах гэрэл
Хэрвээ машины тосны даралт, хөргөх систем эсвэл дугуйны даралтад ямар нэгэн асуудал гарахад хянах самбар дээр анхааруулах дохио өгдөг билээ. Гэвч ихэнх хүмүүс тэр дохионуудыг анзаардаггүй эсвэл анзаарсан ч анхаарал тавьдаггүй нь нотлогджээ. Тийм ч учраас машин үйлдвэрлэгчид хянах самбарын анхааруулах гэрлийг “тэнэгүүдийн” гэрэл гэж нэрлэсэн ба хүмүүст ямар нэгэн асуудал машинд гарсныг анхааруулах гэж хийжээ.
Хуваарь гаргах
Хэрвээ та анзаарсан бол таны машины заавар дээр оношилгоонд оруулж байх хуваарь байдаг ч нэг засварчнаар машинаа засуулж байх давуу тал нь дараагийн ээлжид юу солиулах болсныг тэд мэдэж байдаг нь юм. Хэрвээ өөр өөр газар очиж машинаа янзлуулбал тэд юуг нь сольсон мөн ямар үйлчилгээ машинд хэрэгтэй болох талаар мэдэхгүй тул танд зөв зөвлөгөө өгч чадахгүйд хүрч болзошгүй.
Ухаалаг жолоодлого
Та машинаа яаж жолоодож байгаагаас шалтгаалан таны машин болон шатахуун тань хэр хурдан дуусах нь шалтгаалж байдаг. Огцом хурд авах эсвэл огцом зогсох зэрэг үйлдлүүд нь машин хэвийн хэмжээнээсээ илүү их шатахуун зарцуулаад ч барахгүй дугуй хурдан илэгдэх мөн хөдөлгүүр болон тормосын системд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Цэвэрхэн байдал
Машиныг шинээр нь харагдуулах бас нэг нөхцөл нь тогтмол угааж өнгөлж байхаар ч тогтохгүй дотор салоныг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай юм. Машиндаа үнэртүүлэгчгүйгээр цэвэрхэн үнэртэй байлгахад цаг гаргаж байхыг мөн хөлийн гишгүүрийн хивсийг тогтмол тоос сорогчоор цэвэрлэж байхыг зөвлөж байна. Хэрвээ машиндаа ямар нэгэн толбо гаргах зүйл асгавал тэр дор нь цэвэрлэж байх нь удааж байгаад арилгах гэж оролдсоноос хурдан арилдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Гадна арчилгаа
Хамгийн сүүлийн зөвлөгөө бол машинаа хадгалахдаа гражинд эсвэл тусгай хамгаалалтын бүрээсээр бүтээж байх юм. Гадаа нарны гэрэлд машиныг удаан байлгах нь гадаад өнгө төрхийг хурдан гандуулдаг бөгөөд бусад жижиг зурааснууд гарах нь элбэг байдаг.
Дээрх зөвлөгөө танд хэрхэн машинаа урт наслуулах талаар ч зогсохгүй мөн хэрхэн зөв арчилж шинэ дүр төрхийг нь хадгалах талаар ойлголт өгсөн гэдэгт бид найдаж байна. Мэдээж машин техник гэдэг бол үүрд мөнх эд биш нь ойлгомжтой гэхдээ зөв арчилгаа нь маш удаан эдлэх нэг шалтгаан болдог.