Түлш хэмнэх энгийн аргууд

Бага хөдөлгүүртэй машин сонго. Түлшинд бага мөнгө зарцуулах хамгийн эхний арга бол бага түлш иддэг машин худалдан авах явдал юм. 4 цилиндрт хөдөлгүүртэй машин 6, 8 цилиндртэйг бодвол түлш бага иддэг. Хөнгөн, жижиг оврын машин нь хүнд, том машиныг бодвол түлшинд хэмнэлттэй байдаг.

Тормоз бага хэрэглэ. Хөдөлгөөний явцад аль болох тормозны дөрөөн дээр гишгэхгүйгээр жигд явж байвал шатахуун зарцуулалт бага байна. Тормоз гишгэсний дараа хурд авахын тулд зайлшгүй илүү шатахуун зарцуулдаг. Замын хөдөлгөөн ачаалал ихтэй, түгжрэлтэй үед ойр ойрхон тормоз гишгэх шаардлагатай болдог. Тиймээс оргил ачааллын үед онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг зөвлөе. Мөн жолоодох арга барилаас хамаарч шатахуун зарцуулалт ялгаатай байх тал бий. Зарим үед энэ ялгаа нь 25%-д ч хүрдэг. Ногоон гэрэл асахад байрнаасаа огцом ухасхийх, уулзварын өмнө очиж огцом тоормослох нь шатахуун үр ашиггүй зарцуулаад зогсохгүй резин дугуй, тормозыг түргэн элэгдэхэд хүргэнэ.

Шулуун замд хурдлах хэрэггүй. Хотын гадна, шулуун замд явахад цөөн тоормозлож цөөн зогсдог. Гэхдээ гүйцэж үйлдэл олонтаа давтагддаг. Тэр бүрт араагаа хүнд араанд сольж, дараа нь хурдаа нэмэх шаардлага гарна. Энэ нь бас л шатахууны зарцуулалтыг ихэсгэдэг. Иймд өмнөх автомашинаасаа нэлээд зайтай явж байгаад боломж гарахад шулуун араагаараа хурдаа нэмээд гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Ер нь автомашиныг жигд зөөлөн явуулж, хөдөлгөөний үед аль болохоор цөөн тормозлож, цөөн зогсох юм бол түлшинд хэмнэлттэй. Хэт хурдан давхих нь түлшний зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Жишээ нь: 1990-ээд онд үйлдвэрлэгдсэн машины хувьд 110 км/цаг хурдтай явж байгаа үед 90 км/цаг хурдтай явснаас 25% илүү шатахуун зарцуулна.

Дугуйгаа байнга шалга. Дугуйны хийг байнга шалга. Муу хийлсэн дугуй нь эргэлдэх гэж бензин их иддэг төдийгүй хурдан халж, элэгддэг. Дугуйн даралтын хэмжээг автомашины техникийн үзүүлэлтэнд зааснаас багасгавал шатахуун зарцуулалт ихэснэ. Жишээ нь жолооч нарын гуравны хоёр нь голдуу дугуйн хийн даралтыг зөвшөөрөгдөх хэмжээнээс нь бага байлгадаг. Дугуйн даралтыг 2,0 кг/см-ээс 1,5кг/см болгоход шатахуун зарцуулалт 3% ихэсдэг. Мөн дугуйн өнцгийн тохиргоог зөв хийх ёстой.

Мотороо гамна. Хөдөлгүүрийн хүчин чадал ямар нэгэн шалтгаанаас болж муудвал түүнийг дагаад шатахуун зарцуулалт ихсэнэ.

Бүрэн машин жолоод. Бүрэн бус, эвдрэлтэй тээврийн хэрэгсэл түлшний хорогдлыг 10-20% нэмэгдүүлдэг. Бөглөрсөн агаар шүүгч л гэхэд 10 хувиар их түлш зарцуулна. Таны машинаас ер бусын дуу, үнэр, чичиргээ мэдрэгдвэл машинд юу нь болохгүй байгааг шалгаад үз. Хэрэгтэй гэж үзвэл эд ангийг соль. Техник үйлчилгээг цаг тухайд нь хийгээд явбал шатахуун хэмнэх нэг нөхцөл болдог.

Илүү ачаа хэрэггүй. Машиндаа илүү ачаа тээвэрлэх шаардлагагүй. Шатахууны зарцуулалт 50 кг ачаа тутамд ойролцоогоор 2% өсдөг.

Хөргөлт болон халаалт. Хөргөлтийн болон халаалтын системийг ажиллуулснаар шатахуун зарцуулалт ойролцоогоор 10% ихэснэ.

Цонхоо хаа. Автомашиныг 50 км/цагаас илүү хурдтай явж байх үед цонх онгорхой байвал мөн шатахуун зарцуулалт ихэснэ.

Хурдны хайрцаг. Хурдаа замын нөхцөлд зөв тохируулан явах хэрэгтэй.

Дулаан гаражид тавь. Машинаа дулаан гаражид тавь. Ингэснээр та машинаа асаах гэж хамаг бензинээ барахгүй бөгөөд таны алтан цаг ч хэмнэгдэнэ.

Зориулалтын түлш хэрэглэ. Та машиныхаа хэрэглэгчдэд зориулсан гарын авлагатай сайтар танилц. Ихэнх машин ердийн түлшээр, заримыг нь сайн чанарын түлшээр ажиллана гэж бичсэн байдаг. Хэрэв таны машиныг ердийн түлшээр ажиллах зориулалттайгаар үйлдвэрлэсэн бол илүү сайн түлш хийх гэсний хэрэггүй. Ингэснээр хөдөлгүүрт сайнаар нөлөөлнө гэж байхгүй. Гэхдээ та түлшээ найдвартай газраас худалдаж аваарай. Эцэст нь хэлэхэд, ногоон гэрэлтэй үед уралдахгүй, цаг алдахгүйгээр хурдаа аажим нэмэгдүүлж, араагаа солиод шулуун дамжуулгаар жигд хурдтай явдаг, улаан гэрэлтэйг мэдвэл уулзварт аажуухан хүрч очоод автомашиныг яг зогсоох эцсийн цэгт тормозоо гишгэдэг тэр л жолооч шатахуун хэмнэж чадна.