ХУВАНЦАР ТҮГЖЭЭНИЙ АЧ ТУС

Орчин үеийн автомашины эд ангийг хооронд нь боолт, гагнаас, шруп, хомут гээд их олон юмаар холбодог. Гэлээ ч жолооч хүнд “төмөр хүлэгтээ” сэв гэмтэл учруулалгүй эд зүйл тогтоох хэрэгцээ үргэлж гардаг. Тэр дундаа манайхны дунд хуванцар түгжээний хэрэглээ өргөн дэлгэрээд байгаа.

Хуванцар түгжээнүүд зэвэнд тэсвэртэйгээс гадна цахилгаан, дулаан тусгаарлах чадвартай. Автомашинд дунджаар 100 орчим хуванцар түгжээг янз бүрийн зориулалтаар ашигласан байдаг. Хуванцар түгжээ маш олон төрөлтэй. Хамгийн түгээмэл нь:

  • Кноп маягийн (нарийн хийцтэй, шахаж оруулдаг, түгжигддэг, резьба голтой г.м.)
  • Хавчигч маягийн (цахилгааны утас болон салоны эд ангийг бэхлэх үүрэгтэй)
  • Холбогч (төрөл бүрийн системийн хоолойг холбох үүрэгтэй)
  • Тав (тэр бүр салгаад байдаггүй эд ангийг бэхлэх үүрэгтэй)
  • Хуванцар оруулга (салоны хийц, хамгаалалт, төрөл бүрийн торны боолтонд жийрэг болох үүрэгтэй)

Бэхлэх аргаар нь үндсэн 3 бүлэгт хуваадаг:

  • Кноп шиг шахаж оруулдаг.
  • Тэлэгч шиг урт голтой ч бас шахаж оруулдаг.
  • Резьба голтой, эргэдэж оруулдаг.

Зориулалтын хувьд универсал болон мэргэжлийн гэж хоёр хуваана. Универсал түгжээг автомашины загвар төрөл хамаарахгүйгээр янз бүрийн эд анги бэхэлдэг бол мэргэжлийн түгжээ нь зөвхөн тухайн загварын машинд зориулагдсан, хаалганы хавтас, радиаторын тор, шүршигч зэрэг тодорхой нэг деталь эд ангийг бэхлэхэд ашигладаг.

Хуванцар түгжээгээр салон эсвэл багаажны доторлогоо, хивсэнцэр, капот крылоны хаалт, хаалганы хавтас, радиаторын тор, кастерын хамгаалалт, гуперийн хуванцар хаалт, гоёлын болон хамгаалалтын хүрээ кант, их гэрэл, цахилгааны кабель, төрөл бүрийн хоолой, дугуйн аркны хамгаалалт, капотны хаалт гээд маш олон эд ангийг тогтооно. Тусгай багаж хэрэггүй, “чад” хийж түгжигддэг бүтэцтэй.

Харин эвтэйхэн буцааж авах эсвэл хуучин түгжээг нь сугалах шаардлага гарвал бахь, отвёртк эсвэл хавчаар маягийн тусгай сугалагч ашигладаг.

Автомашинд хуванцар түгжээний хэрэгцээ маш өндөр тул тохирох хуванцар түгжээг нэг мөсөн комоор нь авчхад ашигтай. Ер нь илүүддэггүй юм даа.

Эх сурвалж : cardoctormn