Хайх
Үйлчилгээний газар нэмэх
Нэвтрэх

Таны машин өвөлд бэлэн үү !!!

Таны машин өвөлд бэлэн үү !!!

Гадаа хүйтэрч байгаа энэ өдрүүдэд өөрийн машинаа өвөлд хэрхэн бэлдэх талаар зөвлөгөөг танд хүргэж байна. Таны өөрийн хийж чадах зүйлсээс авахуулаад засварын газарт хандан хийлгэх бүх өвлийн техник үйлчилгээг бичихийг зорилоо. Ингээд та бүхэн доорх зөвлөмжүүдийг уншиж танилцаад өөрийн автомашиндаа хэрэгжүүлээрэй.
1. Хөдөлгүүрийн тос

Монголын зах зээлд олон төрлийн хөдөлгүүрийн тос борлогдож байгаа. Үүнээс сонголт хийхэд амаргүй байгаа нь тодорхой. Элдэв төрлийн худал үнэн нь мэдэгдэхгүй, хэрэглэгчдийн итгэл дээр тоглосон реклам сурталчилгаа фм, тв-ээр өдөр шөнөгүй цацагдаж байна. Энэ бүгдээс зөв сонголтыг хийхэд танд туслах мэдээллийг хүргэе. Хөдөлгүүрийн тосыг ерөнхийд нь минерал, хагас синтетик, бүтэн синтетик хэмээн 3 ангилах бөгөөд өвлийн нөхцөлд хагас болон бүтэн синтетик тоснууд ашиглах нь зөв сонголт болж чадна. Монголын зах зээлд Шэлл, Кастрол, Мобил, ENEOS, 76, Брилтекс, Кикс, Маннол, Драгон, ACDelco, ZIC гэх мэт брэндүүдийн хагас, бүтэн синтетик тосны өргөн сонголт байгаа юм. Энгийн хэрэглээнд, өдөр тутам автомашинаа гадаа хонуулдаг нөхцөлд 5W-тэй бүтэн эсвэл хагас синтетик тоснууд танд тохиромжтой юм. Хагас болон бүтэн синтетик тосны хооронд үнийн ~30-40.0 төгрөгийн ялгаа байгаа тул та өөрийн боломжоороо сонголтоо хийх хэрэгтэй. Хөдөлгүүрт өндөр ачаалал өгдөггүй, гэр ажил хооронд унадаг хэрэглэгчдэд 5W олдохгүй бол 10W-тэй тоснуудыг бидний зүгээс санал болгож байгаа юм. Бүтэн болон хагас синтетик тосны хоорондын ялгааг тайлбарлах нь илүүц биз ээ.
2. Хөргөлтийн шингэн
Хөргөлтийн шингэнийг 1-3 өвөлд зайлшгүй нэг бүтэн солих шаардлагатай байдаг. Хөргөлтийн шингэн нь өвөлд таны автомашиныг хөлдөөхгүй, өвлийн хүйтэнд таны автомашины найдвартай байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг бөгөөд улаан нь хэмжихэд дөхөм харин ногоон нь хаагуур алдаж байгааг харахад зориулалттай байна. хөргөлтийн шингэнийг автомашиндаа хийхдээ устай хольдог, хольдоггүйг сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ заавал устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хийвэл таны хөргөлтийн шингэн ердөө -13 градуст л хөлддөг уршигтай. Тиймээс устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хэрэглэж болохгүй гэдгийг сайн санах хэрэгтэй. Дээрээс нь хөргөлтийн шингэний хойно байрлах заавартай зайлшгүй танилцаарай. Мөн үүнээс гадна улаан болон ногоон хөргөлтийн шингэнийг хооронд нь сольж болохгүй, нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой гэдгийг мартаж болохгүй.

3. Гидрийн шингэн
Хэдийгээр заавал ойр ойр солих шаардлагагүй ч шалгаад үзээрэй. Гидрийн шингэнийг солихгүй удаан явснаар гидрийн насос гэмтэнэ, жийрэг муудаж шингэнээ алдана, гидрийн насос дуу ордог. Мөн дээрээс нь муудсан шингэнтэй бол рулийг илүү их хүчээр эргүүлэх шаардлагатай болдог. Тиймээс та гидрийн шингэнээ шалгуулаад солих шаардлагатай бол солиод, нэмэх шаардлагатай бол өнгө дагуу (улаан, шар) шингэнээр нэмээрэй.

4. Кроп, редукторын тос солих
Мөн л зайлшгүй өвөл хийх үйлчилгээ биш, гэвч зайлшгүй өвлийн бэлтгэлээ хангахын тулд шалгах ёстой зүйлсийн нэг. Кроп болон редукторын тосыг удаан солиогүй явснаас болж араа удаан солигдох, хүнд явдалтай болох, редукторын хацар, зүрх араа гэх мэт эд ангиуд гэмтдэг. Муудсан, ажиллагаагүй болсон тослох материал нь таны автомашины хүч дамжуулах ангийг хангалттай хэмжээнд тосолж чадаагүй улмаас эдэлгээний хугацааны түргэсдэг муу талтай. Тиймээс та авто оношилгооны төвүүдээр зайлшгүй шалгуулаарай.

 

5. Аккумулятор
Шөнөдөө -40 градус хүрдэг манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд сайн аккумулятортай байж л өвлийг өнтэй давах юм. Тиймээс таны аккумулятор муудсан бол, боломжтой бол аль болох шинэ аккумулятор худалдан аваарай. Шинэ аккумулятор нь таныг 3 гаруй жил толгой өвдөхгүй өвлийг давахад туслах юм. Аккумулятор муудсанаар шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг, мөн өглөө болгон айдастай автомашинаа асаах болдог. Сайн аккумулятор нэг авсан байхад таны автомашин жавар тачигнасан өглөө асах нь бусад зүйлсээс хамааралтай болох юм. Тиймээс өөрийн боломжоор аль сайн гэснийг худалдан аваарай.

6. Дугуй
Өвөлд заавал өвлийн дугуйг! Өвлийн дугуй нь бүх улирлын дугуйнаас илүү зөөлхөн, замтай барьцах чадвар сайтай байдаг тул таныг илүү богино зайд зогсоох болно. Өвөлд хамгийн гол нь зогсолт шүү дээ. Тиймээс муу дугуйтай огт явж болохгүй. Та муу дугуйтай явснаас өөрийн болоод бусдыг гэмтээх хамгийн том аюултай. Тиймээс хуучин ч хамаагүй өвлийн дугуй ашиглаарай.

7. Шил арчигч
Өвлийн улиралд хатсан резинтэй шил арчигч үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй, шил сайн арчихгүй улмаас элдэв осол хийх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та шил арчигчаа муудсан бол даруй солиорой. Үнийн хувьд чанараасаа хамаараад 8000-12000 төгрөгийн хооронд үнэтэй байна.

8. Сэгсгэр
Өвөл зайлшгүй шаардлагатай зүйл бол сэгсгэр алчуур. Дөнгөж буусан цасыг удаан буулгахгүй явснаас хайлж мөс болон тогтдог. Тиймээс автомашины цасыг буулгахад туслах энэхүү бүтээгдэхүүнийг сонгоорой. Хотын үзэмжид ч гэсэн гэрэл гэгээ нэмнэ шүү дээ.

9. Шил цэвэрлэгч шингэн
Өвлийн улиралд ус хөлдчихдөг, шилэн дээр цас мөс болоод тогтцон үед шүрших боломжгүй болдог. Тиймээс зайлшгүй шил цэвэрлэгч шингэн авч автомашиндаа хийгээрэй. Үнэ нь гайгүй ээ 1.5 литр нь 4000 төгрөг. 2-ийг авцан байхад цагаан сар хүртэл явчих байлгүй дээ.

 

10. Очлуур & Халаагч
Бензин хөдөлгүүртэй бол очлуураа зайлшгүй өөрийх нь очлуурыг авч ашиглаарай. Өөр төрлийн очлуур авч ашиглавал таны автомашины асалт мууддаг, шатахуун зарцуулалт ихэсдэг муу талтай. Харин дизель хөдөлгүүртэй автомашины хувьд халаагчийн асуудалтай байдаг. Хэр барагтай халаагч амархан жагсаалаас гараад байдаггүй. Өглөө асахгүй бол халаагчийн релэй болон халаагч хоёроо шалгаарай. Релэй ажиллагаагүй болсон бол солих эсвэл релэйгээ гараас удирдах боломжтой болгож кабиндаа товчлуур хийсэндээ ч яахав. Ингэвэл хэдэн ч градусын хүйтэнд ганц, хоёрхон оролдлогоор асаадаг болгочихлоо л гэсэн үг.

11. Холбогч
Час хийсэн өвлийн хүйтэнд танд болон бусдын аккумулятор суухыг хэн үгүйсгэхэв. Тиймээс юмыг яаж мэдхэв гээд холбогч автомашиндаа хийж аваарай. Заавал танд ч гэлтгүй өөр хэн нэгэнд тусламж шаардлагатай үед холбогч л тусална шүү дээ. Тиймээс өвлийн улиралд автомашиндаа холбогч авч явж заншаарай. Холбогч нь автомашины аккумулятор цэнэггүй суусан үед холбож асаах үүрэгтэй чухал бүтээгдэхүүн юм. Түүнийг холбох 4 шатлалт байдаг бөгөөд 1-т холбох аккумуляторын + шонг холбуулах аккумуляторын + шонтой холбоно, дараа нь холбуулах аккумуляторын – шонг холбох аккумуляторын – шонтой холбодог. Холбосны дараа салгахдаа энэ үйлдлийг эсрэг дарааллаар нь хийх хэрэгтэй. Шонгуудыг хооронд нь зөрж холбохоос сэргийлэх хэрэгтэй, эс тэгвэл аккумуляторын насжилт буурах, гал хамгаалагч шатах зэрэг сөрөг нөлөөтэй. Манай автохэлп.мн сайтын нэрийн бүтээгдэхүүн болох доорх холбогчийн хамгаалалтын бүрхүүл нь хугардаггүй, хөлддөггүй сайн чанарын резинээр хийсэн тул урт удаан хугацаанд найдвартай хэрэглэх боломжтой.


12. Татлага
Чирч асаах эсвэл хөлдсөн автомашиныг дулаан граашруу зөөх шаардлага өвлийн улиралд тохиолддог. Хатуу троссон татлага нь өвлийн улиралд тийм ч тохиромжтой бус байдаг бөгөөд зориулалтын уян татлагыг хэрэглэж заншсанаар аюулгүй чирэх/чирүүлэх боломжтой болдог билээ.

13. Хучлага & Цагийн асаалтын системтэй дохиолол & автомат асаалтын систем
Хучлага нь таны автомашиныг салхины урсгалаас хамгаалж тос, тосолгооны шингэн, аккумулятор зэргийг хөлдөхөөс сэргийлдэг. Хэдийгээр хөдөлгүүрийн эд анги, явах эд ангид бага зэрэг халгаатай ч зогсоолгүй, дулаан граашны хомсдолтой Улаанбаатарт түүнгүйгээр өвлийг яаж давах билээ. Хийдэг компани болон хувьд хүмүүс анхны цас будрах сургаар л борооны дараах мөөг шиг гараад ирдэг болохоор танд сонголт маш их байгаа. Харин үнэтэй гоё сайхан хучлагатай бол дээр нь шүршдэг будгаар машиныхаа номерыг бичих, урд 2 дугуйгаараа гишгүүлж даруулах гэх мэтийн аргийг хэрэглэхгүй бол урт гартнууд зүгээр орхихгүй шүү.

 


Эх сурвалж : www.ikon.mn

Сэтгэгдэл :

Your email is safe with us.

НэвтрэхAraa.mn

Account details will be confirmed via email.

Reset Your Password